Тус лаборатори нь 2012 онд УХЭШХүрээлэнгийн ЭШАА, доктор, дэд профессор М.Бямбасүрэнгийн удирдсан “Ургамал хамгаалах биобэлдмэл” судлаачийн инновацийн төслийн хүрээнд байгуулагдсан.
Бидний зорилго :
Ой, жимс жимсгэнэ, ногоон байгууламжийн экологи, өвчин, хортон тэдгээртэй тэмцэх дэвшилтэт, байгаль орчинд халгүй микробиологи, биотехнологийн шинэ аргуудыг боловсруулж нэвтрүүлэхэд оршино. Түүнчлэн доройтсон ойн нөхөн сэргээлтийн судалгаа, ойжуулалт, ойн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Одоо ажиллаж буй судлаачид :
Хамт олны одоогийн бүрэлдэхүүнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор 1; эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор 1; эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр 2, эрдэм шинжилгээний туслах ажилтан, магистр 2, эрдэм шинжилгээний туслах ажилтан, магистрант 1 судлаачид ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
-Ойн өвчин, хортны судалгаа хийж, тэдгээртэй тэмцэх дэвшилтэт микробиологи, биотехнологийн шинэ аргуудыг нэвтрүүлэх
-Түймэр болон өвчин, хортон, цөлжилт, хүний үйл ажиллагааны улмаас доройтсон ойн нөхөн сэргээлтийн судалгаа хийх
-Ойжуулалтын судалгаа явуулах
-Жимс, жимсгэний өвчин, хортон шавжийн судалгаа хийх, тэдгээрээс хамгаалах технологи боловсруулах
-Хотын ногоон байгууламжийн ургамал хамгаалах арга, технологийн судалгаа хийх
-Биобэлдмэлийн туршилт, судалгаа, үйлдвэрлэл явуулах
-Молекул генетикийн оношлогоо судалгаа хийх
Тэргүүлэх чиглэл :
1. “Таримал ургамал, ой, бэлчээрийн хортонтой тэмцэх бэлдмэл үйлдвэрлэх технологи” ЦТТөсөл (2015-2017)-ийн хүрээнд “Metharhizium anisopliae G09/22 –ийн нутгийн омгийн биоинсектицидийг турших, үйлдвэрлэх” дэд сэдэвт ажлын дагуу хөнөөлт шавжийн эсрэг “Грийн” биобэлдмэлээр 2014 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд Дөрвөлжин далавчит царцаа (Eclipophleps bogdanovi Sergtarb.,)–ны эсрэг ил талбайд 1 га-д, Төв аймгийн Батсүмбэр суманд Өрөөсгөл хүр эрвээхэй (Ocneria dispar Linn)-н хүрэнцрийн эсрэг 1,5 га-д ;
2016 онд Сэлэнгэ аймгийн Номгон суманд Газрын-Ундраа ХХК-ний 100 га бэлчээрийн талбайд ;
2017 онд Горхи-Тэрэлжийн сав газарт Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus)–н хүрэнцрийн эсрэг 2243 га-д тус тус үйлдвэрлэлийн туршилт явуулсан.
2. “Ургамлын гаралтай биопестицидийн судалгаа” ОССТөсөл (2015-2017)-ийн хүрээнд Монгол оронд ургадаг ашигт ургамлуудаас биопестицид гарган авах судалгааны ажлын хүрээнд Шаргалдуу Лидэр (Sophora flavescens Soland.) ургамлаас гарган авсан биопестицидийг лаборатори болон хээрийн нөхцөлд туршиж, үйлдвэрлэх технологи боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
3. “Үйлдвэрлэлийн нөхцөлд зарим таримлыг хамгаалах цогц аргад тулгуурласан технологи боловсруулах” ШУТТөсөл (2016-2018)-ийн хүрээнд Монгол орны газар тариалангийн төв бүс буюу ойт хээр, хээрийн бүсэд чацарганы талбайд зонхилон тархсан 4 баг, 8 овог, 9 төрөл, 9 зүйлийн хөнөөлт шавжийн зүйлийн бүрэлдэхүүн тогтоогдсон.
4. Төв аймгийн Борнуур сумын Баянгол туршилт судалгааны төв (2018)-ийн тариалангийн талбайд 4 эгнээ, 300 метр урттай хамгаалалтын зурвас байгуулж улиас 301, чацаргана 151, хайлаас 900 ширхэг тус тус таригдсан.
5. “Хөдөө аж ахуйн хортноос сэргийлэх байгальд ээлтэй тэмцэх технологи нэвтрүүлэх, урьдчилан мэдээллэх мониторингийн хамтарсан судалгаа” Олон Улсын Төсөл (2018-2020)-ийн хүрээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Завхан, Архангай аймгийн нийт 20 сумын 34 цэгээс 12 багийн 3596 ширхэг шавжийн дээж цуглуулж боловсруулт хийгдэж байна.
6. Итгэмжлэлийн хүрээнд (2019)-д ургамал, бичил биетний дээжинд молекул биологийн шинжилгээ хийж Нөмрөгт банздоо (Saussurea involucrata), Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata ), Толбот арзаахай (Silybum marinum), Монгол хунчир (Astragalus mongolicus), Шаргалдуу лидэр (Sophora flavescens) Metarizhium anisopliae гэх мэт төрөл зүйлүүд тодорхойлж баталгаажуулсан.