Мэндчилгээ
Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд үр тариа, төмс, хүнсний ногооны ургацыг ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлаас хамгаалах, улмаар чанар сайтай бүтээгдэхүүн авах болон бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготно, царцааны хөнөөлөөс хамгаалах шаардлага тулгарснаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1958 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаар тогтоолоор Хөдөө Аж Ахуйн Яамны дэргэд “Ургамлын хорио хамгаалалтыг эрхлэх байцаан шалгах анги”-ийг хортонтой тэмцэх отрядтайгаар байгуулах шийдвэр гарч Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага байгуулагдсан түүхтэй.
Энэ үеэс Ургамал хамгааллын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх үндэс суурийг тавьсан төдийгүй газар тариалан, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд ургамал хамгааллын асуудал зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлж өгсөн юм. 1958 оноос өнөөг хүртэл хэд хэдэн түүхэн үе шатыг дамжин хөгжсөөр МУ-ын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 78-р тогтоолоор Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн үндэсний хэмжээний тэргүүлэх хүрээлэн болж улам өргөжин хөгжиж байна.
УХЭШХүрээлэнгийн захирлаар Д.Цэдэв, Н.Энхболд, Б.Баттөр, Б.Амаржаргал, М.Бямбасүрэн нар удирдан чиглүүлж, мөн ЭНБДаргаар М.Даваа, Ж.Лхагваа, Б.Батхуяг, Ж.Чулуунбаатар, Б.Бямбажав, Б.Буянчимэг, Н.Батсайхан, М.Отгонсүрэн, И.Отгонбаатар, Б.Мөнхцэцэг, О.Ариунаа нар ажиллаж, мөн үе үеийн эрдэмтэн судлаач, ажилтан, ажиллагсад өөр өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэнийг дуулгахад таатай байна.
Ургамал хамгааллын шинжлэх ухааны салбар буюу УХЭШХүрээлэнгээс 1973-2023 оны хооронд шинжлэх ухааны доктор ScD- 4, доктор PhD -46 төрөн гарснаас ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, доктор ScD, профессор Д.Цэдэв, Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор PhD, профессор Ч.Чулуунжав, ХААШУА-ийн гишүүн, доктор ScD, профессор, Н.Энхболд, ХААШУА-ийн гишүүн, доктор ScD, дэд профессор М.Бямбасүрэн, доктор ScD Х.Батнаран нар төрөн гарсан байна.
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний 299 тоот тогтоолоор Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний хүрээлэн 45 орон тоотой байсныг 80 орон тоотой болгосноор хүний нөөц, боловсон хүчний хувьд улам чадавхижиж, бэхжих боломж бүрдсэн.
Тус хүрээлэн Монгол орны бэлчээр, ой, таримал ургамлыг хөнөөлт организмаас хамгаалахад чиглэсэн Ургамлын өвчин судлал, Шавьж судлал, Хог ургамал судлал, Мэрэгч судлал, Ой хамгаалал, Биотехнологи, Микробиологи, Пестицид, Молекул биологийн лабораторуудад Тэргүүлэх чиглэл-Цөм технологийн төсөл-1, Гадаадтай хамтарсан төсөл-11, ШУТ-ийн төсөл-14, Онолын суурь судалгааны төсөл-8, Инноваци, технологи зүгшрүүлэлтийн төсөл-5, Судлаачийн грант, тэтгэлэгт төсөл-5 тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.
Мөн эрдэмтэн, судлаачдын судалгаа боловсруулалтын ажлуудын үр дүнд оюуны өмчийн патент-51, ашигтай загвар-39, зохиогчийн эрх-6, стандарт-43, технологи-69, заавар, зөвлөмж-234, шинжлэх ухааны докторын бүтээл-4, боловсролын докторын нэгэн сэдэвт бүтээл-46 тус тус туурвин олны хүртээл болж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Ургамал хамгааллын эрдэм шижилгээний хүрээлэнгийн амжилт бүтээлээс тэмдэглэн дурдахад таатай байна.
Энэхүү түүхэн 2024 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ны Сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр УХЭШХүрээлэн түүхэндээ анх удаа лабораторийн зориулалттай 3500 м2 шинэхэн ажлын байртай болж, 2024 оны 02 сарын 20-ний өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаад хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт танд Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн: УХЭШХ-ИЙН ЗАХИРАЛ,
ХААШУА-ИЙН ГИШҮҮН, ДОКТОР SCD, ДЭД ПРОФЕССОР М.БЯМБАСҮРЭН